Тоосгоор барьсан барилга нь бат бөх, галд тэсвэртэй, модыг бодвол гадны нөлөөнд (хөгзөрч өмхрөх, хорхой шавьжинд идэгдэх гэх мэт) өртөхгүй, урт настай, байгалийн цэвэр бүтээгдэхүүнд тооцогддог материалын нэг юм. Үүнээс гадна даац авах чанар сайн. Галд тэсвэртэй чанараас үүдэн камин зуух, тэдгээрийн янданг тоосгон хананд нэгдмэл хийц болгон байрлуулж болдог.

Тоосго нь найрлага болон үйлдвэрлэх аргын хувьд

Тоосгыг шавар (байгалийн шаварыг өндөр температурт шатааж гарган авдаг), силикат (шохойн чулуу – элс) гэсэн хоёр төрөлд хуваадаг.

Тоосго нь хийцийн хувьд цул ба хөндий гэсэн хоёр төрөлтэй. Цул тоосгыг манайхан хөндий тоосго ч гэж нэрлэдэг. /Угтаа цул тоосго нь дундаа хөндийгүй учир цаашид “Цул” гэж нэрлэж занших нь зүйтэй байх/

Хөндий тоосго нь (манайхан нүхтэй тоосго гэж нэрлэх ньтүгээмэл байдаг бөгөөд энэ төрлийн тоосго нь дээрээс доод хэсэг хүртлээ геометрийн зөв дүрс бүхий хөндий зайтай байдаг учир цаашид “хөндий” тоосго гэж нэрлэж явах нь зүйтэй болов уу) жин бага, түүхий эдийн орц бага, дулаан барих чанар сайн (агаар бүхий хөндийтэй учир), дуу чимээг сайн тусгаарладаг.

Цул тоосгыг барилгад зөвхөн ханын дүүргэгч материал болгон ашиглаад зогсохгүй суурь, цоколын хэсгийн өрлөг, пийшин, камин, зуухны яндан гэх мэтийн хийцийн өрлөгт хэрэглэж болдог.

Сүүлийн үед “хөнгөн” гэдэг цул тоосго ч ОХУ, Европ, Азийн зах зээлд гарсаар байна. Энэ тоосгоны технологи нь тоосгоны түүхий эд болох шаварт опалк болон полистирол гэх мэт нийлэг хөнгөн бэлдэц хольж шатаадаг бөгөөд шатах явцад тэдгээрийн хооронд хий зай үүсч “хөнгөн” тоосгыг бий болгодог байна. Ийм тоосгоны нийт эзэлхүүний 50 хувь нь хий хоосон зай байдаг хэдий ч бат бөх чанар нь ердийн тоосготой адил байдаг байна. Бага жинтэй учир суурьд их ачаалал өгдөггүй, дулаан тусгаарлах үзүүлэлт сайн байдаг байна.

Тоосгоны бат бөх чанарын үзүүлэлт нь Марк байдаг бөгөөд М үсгээр тэмдэглэн тоон үзүүлэлтийн (1см2 гадаргууд дарах жинг тэсвэрлэх үзүүлэлт) хамт илэрхийлэгддэг. Тоосгоны энэ үзүүлэлт нь 25 кг/м2 -ын алхалттай М75, М100, . . . , М300 хүртэл хэмжээстэй байдаг. Үүнээс гадна хүйтэн, дулааныг тэсвэрлэх циклийн чанар гэсэн ойлголт байдаг. Энэ үзүүлэлтийг тодорхойлохдоо тоосгыг 8 цаг усанд байлган, 8 цаг хөлдөөгчинд хийх зэргээр тоосгоны өөрийн шинж чанар өөрчлөгдөх хүртэл тус цикл нь явагдана. Энэ үзүүлэлт нь дунджаар 50 цикл байдаг (гэхдээ 50 жилийн дараа барилга нурчихна гэсэн үг биш) ба сайн чанарынх нь бол бүр илүү өндөр үзүүлэлттэй гарна гэсэн үг юм. Үүнээс гадна усны шингээлт хичнээн хувь байна гэдгийг тооцох хэрэгтэй.

Тоосго нь өргөн хэрэглээний, түгээмэл материал юм. Зориулалтаар нь хана дүүргэлтийн, өнгөлгөөний, гоёлын, ландшафтын гэх мэтээр ангилж болдог. Өнгөлгөөний тоосгоны хувьд гадна өнгөн хэсэг нь геометрийн зөв хэлбэртэй, жигд өнгөтэй, тэгш гадаргуутай байх шаардлагатай. Зарим тохиолдолд хана дүүргэлтийн тоосгонд барьцалдах чанарыг нэмэхийн тулд доод, дээд хэсэгт нь долгиолсон гадаргуу гаргасан байдаг. Өнгөлгөөний тоосгонд нэг буюу хэд хэдэн хэсэгт нь нэмэлт фактур, хэлбэр гаргасан байдаг ч энэ нь ихэвчлэн захиалгаар хийгддэг байна. 

Тоосгыг ихэнх тохиолдолд “Улаан” гэж нэрлэдэг. Ерөнхийдөө байгалиас улаан, шар тоосгыг гарган авдаг хэдий ч шаврын найрлаганд дурын өнгийн пигмент нэмэх байдлаар хүссэн өнгөө гарган авах бололцоотой. Манайд хэрэглэж буй тоосго нь стандартын хувьд 250x125x65 мм гэсэн хэмжээтэй байдаг бөгөөд ОХУ-аас орж ирсэн 188мм-ийн зузаантай өнгөлгөөний тоосгыг ч хэрэглэж байна. Тоосгонд Европ, АНУ, ОХУ, Хятадын гэсэн янз бүрийн хэмжээс байдаг.

Тоосгыг сонгохдоо дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Зөв шатаасан тоосго нь жигд улаан хүрэндүү өнгөтэй, тогшиход янгинаж дуугардаг онцлогтой. Дунд хэсэгтээ өнгө нь арай бараан байдаг. Гэхдээ худалдаж буй хүний нүдэн дээр хагалж үзэх нь тийм ч таатай биш болов уу. /Тээвэрлэлтийн явцад чанарыг нь тодорхойлж болно/. Дутуу болон хэт шаталттай тоосгыг гологдол тоосго гэж тооцдог. Дутуу шаталттай тоосго нь улаандуу, хэт шаталттай тоосго нь хар хүрэн өнгөтэй байна. Үүнээс гадна жижиглэж амжаагүй хэсэг орсон тоосгыг бракт тооцдог. Өрөлтийн явцад зуурмагт орсон давс нь фасадыг цагаан өнгөтэй болгодог. Энэ нь борооны усанд арилдаг ч энэхүү процесс нь удаан явагддаг байна. Иймд өрөх явцад хүчлийн найрлага бүхий ус нэвтрүүлдэггүй түрхлэгээр цэвэрлэж өгөх нь 100 хувийн баталгаатай гэгддэг. Үүнээс гадна тоосгыг хадгалалт болон өрлөгийн ажлын явцад бүтээж байх нь чухал. Учир нь чийгшил ихтэй үед өрлөгийн явцад давсны цагаан толбо үүсдэг.

Тоосгыг үйлдвэрлэх технологи нь түүхийн явцад нилээд өөрчлөгдөж иржээ. 19 дүгээр зуун хүртэл нилээд хөдөлмөр шаардсан гар аргаар хэвлэдэг байжээ. Хатаалтыг зөвхөн зуны улиралд хийдэг байж. 200 жилийн тэртээ дугуй зуух, лентэн пресс үүссэнээр үйлдвэрлэх ажиллагаа хөнгөрсөн бөгөөд 19 дүгээр зуунд шавар боловсруулах машин үүсчээ. Өнөө үед бараг бүх үйлдвэрүүд жилийн турш тоосго үйлдвэрлэж байна. Харин манайд тоосгыг түүхий эд олборлолт болон барилгын улирлаас шалтгаалж 4-11 сард үйлдвэрлэж байна.

Тоосго үйлдвэрлэх 2 технологи байдаг байна. Үүнд:

Шатаах технологи

Энэ технологийн үндсэн зарчим нь шаварыг олборлон, бэлтгэсэн санд 3-4 хонуулж дараа нь чулуу болон бусад зүйлээс нь ялган бэлтгэж хэвлэнэ. Дараа нь хатаах камерт уураар хатааснаар тоосго жигд хатаагддаг байна. Тоосго нь 1000 градуст шатаагдаснаар бэлэн болдог.

Шатаалтгүй технологи

Энд гипер эсвэл трибо хэвлэх аргыг ашигладаг байна. Эхний шатанд дүүргэгч түүхий эдийг 3-5 мм-ийн ширхэгжилттэй бэлтгэн холигчод барьцалдуулагчийн хамт хольж нэгэн жигд бэлдэцийг бий болгоно. Барьцалдуулагч нь ус болон цемент зэрэг материалууд байдаг ба өндөр даралтанд шахаж хэвлэнэ. Зарим тохиолдолд нам даралтанд сэгсэрч хэвлэж бэхжүүлдэг байна. Үйлдвэрлэгдэж гарснаас хойш 3-7 хоногт ердийн бэхжилтээ авдаг байна.

 

 

Тоосгыг ашиглах зориулалтаар нь хэд хэд ангилж үздэг.

1. Гоёл чимэглэлийн тоосго

Энэ тоосго нь барилгын гадна фасадыг чимэглэхэд ашиглагддаг. Иймд энэ төрлийн тоосгоны шинж чанар нь геометрийн зөв хэвтэй, тэгш цэвэр гадаргуутай, өнгөлгөөний тоосготой адил байх нь бий. Энэ чанарыг нь ашиглан дотор ханын өнгөлгөөг ч хийж болдог. Үүнээс гадна энэ төрлийн тоосго нь янз бүрийн хэлбэртэй байдаг. Тухайлбал дугуй булантай гэх мэт. Чимэглэлийн өнгөлгөөний тоосгонд чулуун гадаргуутай тоосго ч хамаарагдана. Цаашлаад гоёл чимэглэлийн тоосго нь гоёлын янз бүрийн өнгөн давхаргаас гадна нийлэг өнгөлгөөтэй байдаг. Чимэглэлийн өнгөлгөөний тоосгыг ашиглах нь маш их ур чадвар шаарддаг ажил учир өрлөгийн “мастер”-ийг хайх хүндрэл учирдаг.

2. Клинкер тоосго

Энэхүү тоосго нь шавар тоосгыг бодвол өндөр температурт шатаагддаг, бат бөх, хүйтэнд болон усанд маш тэсвэртэй байдаг байна. Тоосгыг цэвэрлэхдээ төмөр багс, усаар цэвэрлэж болно. Хэлбэр нь мөн янз бүр байдаг. Клинкер тоосго нь ландшафтын дизайны нилээд сайн материал болж өгдөг. Өөрөөр хэлбэл замын гадаргууг өнгөлөхөд маш тохиромжтой гэсэн үг юм. Мөн клинкер нь байгалийн цэвэр бүтээгдэхүүнд /зөвхөн шавар, усны орцтой ба янз бүрийн химийн хольцгүй/ тооцогддог.

Бас фасадын тусгай клинкер ч гэж байдаг. Үүнийг барилгын цоколын хэсэг, цонх, хаалганы хүрээ өнгөлгөө, зарим шугаман хэсгийг өнгөлөхөд хэрэглэдэг бөгөөд өнгө, гадаргуу, хэлбэрийн өргөн сонголттой байдаг. Клинкер тоосгоны гадаргуу болон өнгөлгөөг шатаагдаагүй байхад нь бүрээд 1260 градуст шатаадаг байна. Клинкер материал нь бат бөх, урт эдэлгээтэй барилгын маш сайн материалд тооцогддог.

3. Өнгөлгөөний тоосго

Өнгөлгөөний тоосго нь зөв хэмжээтэй, тэгш, цэвэр гадаргуутай байдаг. Сүүлийн үед өнгөлгөөний тоосго нь хэлбэрийн хувьд өргөн болсон. Өнгөлгөөний тоосго нь барилгыг сайхан харагдуулахаас гадна найдвартай, хүйтэнд тэсвэртэй ч ус чийг шингээх үзүүлэлт маш бага байх шаардлагатай.

Өнгөлгөөний тоосгын үндсэн дүүргэгчид шохойн чулуу /16% -ийн цемент бүхий шохойн чулуун сайн бэхжигч хольц/, цемент, пигмент /будагч бодис/ ордог байна. Орчин үеийн Европын технологиор бол пресслэж үйлдвэрлэдэг байна. Өнгө нь цагаан, шар, улаан, саарал,хүрэн, хар хүрэн гэсэн олон төрлөөр үйлдвэрлэгддэгээс гадна захиалгаар ямар ч өнгөөр бэлтгэгддэг. Гадаргууны хэлбэрийг ч өөрчилж болдог. Өнгөлгөөний тоосго нь ердийн тоосгоноос үнэ өндөр байдаг ч өнгө нь ганддаггүй онцлогтой.

4.Галд тэсвэртэй тоосго

Ердийн улаан тоосго нь хэт халууныг тэсвэрлэдэггүй, 1200 градуст хайлдаг бөгөөд хөргөхөд бутардаг. Энгийн сууцны пийшин нь 800 градусаас илүү халууныг тэсвэрлэхгүй учир энд галд тэсвэртэй тоосго шаардлагагүй гэж үздэг. Галд тэсвэртэй тоосго нь ердийн тоосгыг бодвол дулаан хуримтлуулах, дамжуулах чанар илүү тул камин, сауны зууханд ашиглаж болдог. 1400-1800 хэмийн халуунд процесс нь явагддаг металлург, шилний үйлдвэрт галд тэсвэртэй тоосго зайлшгүй хэрэгцээтэй байдаг. Мөн түүнчлэн хими, нефть, хийн үйлдвэрт ашигладаг. Галд тэсвэртэй тоосго нь 4 -н ангилалттай, марк нь янз бүр байдаг.

5. Силикат тоосго

Силикат тоосго нь шохойн чулуу, элсний найрлагатай. 170-200 хэмд 8-12 атм даралтанд бэлтгэдэг. Силикат тоосгоор даацын хана, тусгаарлах хана зэргийг өрөхөд тохиромжтой. Харин суурь, пийшин, яндан, камин, цоколын хэсгийг өрж болдоггүй. Силикат тоосгыг 550 хэмээс дээш температурт ашиглаж болохгүй. Ердийн тоосгыг бодвол хүйтнийг болон ус тэсвэрлэх чанар муу, харин дуу чимээ тусгаарлах үзүүлэлт өндөр байдаг. Марк нь ердийн тоосгоны адил М үсгээр тэмдэглэгдэн М100, М125, М150 гэх мэт үзүүлэлттэй байна.